Л.Орхон PhD
Хураангуй: Техникийн хөгжлийг дагаад газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл болон чанарт тавих шаардлага ч өндөр болж, тэдгээрийн үйлдвэрлэлийн процесс (лат. processus – урсгал, явц, ахиц – өөрөө үйлдэгдэх, албадан үйлдэх зэрэг тогтолцооны өөрчлөлт, үйл явцтай холбоотой шинжлэх ухаан, технологийн маш өргөн ашиглагддаг ойлголт)-ууд боловсронгуй болсоор байна. Иймээс арилжааны \товарын\ тос, түүний анхан шатны боловсруулалтын бүтээгдэхүүнүүдийн чанарыг заавал шалгах шаардлагатай болдог. Чанарыг шалгах ажлыг газрын тосны бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн чанарыг тодорхойлох аргуудын стандартгүйгээр гүйцэтгэх аргагүй юм. Стандартчилах зорилго янз бүр байдаг. Тухайлбал, үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдэд тавигдах чанарын өндөр шаардлага, хадгалалт, тээвэрлэлтийн технологийн шаардлагыг хангах, хэрэглэгчид болон үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон янзын зорилготой байдаг.
Түлхүүр үг: газрын тос, нөөц, фаз, шинж чанар, орд, давхарга, хий, шингэн, хольц, хийн конденсат
Газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийн чанар гэдэг бол тэдгээрийг зориулалтынх нь дагуу ашиглах боломжийг хангаж байдаг шинж чанарын үзүүлэлтүүдийн цогц нийлбэр юм. Газрын тосны бүтээгдэхүүнүүдийн шинж чанарыг физик – химийн ба ашиглалтын гэсэн хоёр үндсэн бүлэгт хувааж үзнэ. Физик-химийн шинж чанарт газрын тос болон түүний бүтээгдэхүүнүүдийн шинж байдал болон найрлагыг тодорхойлох (тухайлбал хувийн жин, зууралдлага, фракцийн бүтэц) үзүүлэлтүүд хамаардаг. Ашиглалтын шинж чанар нь тухайн бүтээгдэхүүнийг ашиглах хүрээ болон зориулалтын дагуу ашиглахад ямар үр ашигтай байхыг тодорхойлж өгнө. Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын шинж чанарын зарим үзүүлэлтүүдийг физик-химийн шинж чанарын зарим энгийн үзүүлэлтүүдээр нь тодорхойлдог. Бодит нөхцөлд газрын тос, түүний бүтээгдэхүүнүүдийн чанарын түвшингээр тодорхойлох нь түгээмэл байна.
Хэрэглэгчийн шаардлагыг бүрэн хангах боломжтой түвшинг хамгийн үр ашигтай түвшин гэж үзнэ. Шинж чанарын түвшин нь өөрөө үзүүлэлт нэг бүрийн түвшингээс хамаардаг. Бүтээгдэхүүний чанарыг илэрхийлж байгаа шинж чанарын нэг болон хэд хэдэн үзүүлэлтийг чанарын үзүүлэлтүүд гэж нэрлэх ба тухайн бүтээгдэхүүний чанарын үндсэн үзүүлэлтийг суурь үзүүлэлттэй нь харьцуулан тогтоож байгаа бол түүнийг чанарын түвшин гэнэ.
Бүтээгдэхүүний шинж чанарын шинжилгээ, үнэлгээний ихэнхи аргууд зориулалтаараа стандартчилагдсан байдаг. Эдгээрийг хүлээн авах-ачих үеийн, хяналтын, иж бүрэн, арбитражын, тусгай зориулалтын гэж ялган үзнэ.
– Хүлээн авах-ачих үеийн шинжилгээг гаднаас хүлээн авч, эсвэл гадагш нь ачуулж байгаа бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүдийг үйлдвэрийн үзүүлэлтүүдийн тохиролтой харьцуулан шалгаж, тодорхойлоход ашиглана.
– Хяналтын шинжилгээг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, агуулахад хадгалж байхад хийнэ.
– Иж бүрэн шинжилгээг үйлдвэрээс ачигдаж байгаа их хэмжээний бүтээгдэхүүн болон удаан хугацаагаар хадгалж байгаа бүтээгдэхүүний ашиглалтын шинж чанарт үнэлгээ өгөх зорилгоор хийнэ.
– Арбитражийн шинжилгээг салбарын гол үйлдвэр дээр эсвэл итгэмжлэгдсэн лабораторт нийлүүлэгч болон хэрэглэгчийн хооронд маргаан гарсан үед хийдэг.
– Тусгай зориулалтын шинжилгээг зарим нэг цөөхөн бүтээгдэхүүн дээр, тухайлбал газрын тосны фракцийн бүтэц, тос, тосолгооны материалын тогтворжилт гэх мэт үзүүлэлтүүдийг тодорхойлоход ашиглана.