– ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТАТВАРЫН ТААТАЙ ОРЧНООР ДЭМЖИНЭ ГЭСЭН ТӨРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭР ХЭЗЭЭ ЯАЖ ХЭРЭГЖИХ ВЭ ГЭДГИЙГ Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНЭЭС АСУУМААР БАЙНА-
“Лекс ойл” компанийн захирал Ц.Гантулгатай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр танай компанийг хуурамч шатахуун үйлдвэрлэдэг гэж нэр дурдсан. Монголчууд олон жил хуурамч шатахуун гэдэг нэр томьёо сонслоо. Одоо харин үйлдвэрлэгчдийг нь “олж мэдлээ”. Та ямар тайлбар хэлэх вэ?
-2025 оны есдүгээр сарын 16-ны өдрийн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Б.Пүрэвдорж маш ор үндэсгүй олон гүтгэлэг, бодит байдалд нийцээгүй мэдээллүүд гишүүдэд тараасан. Би энд асуудал нэг бүрээр тайлбар өгөх бодолтой байна. Төрийн эрх барих дээд байгууллагын индэр дээрээс бидний нэр хүндэд халдсан энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болноо гэдгийг эхлээд хэлье.
Хууль санаачлагч Б.Пүрэвдорж хууль өргөн барьсан үндэслэлээ тайлбарлахдаа … “керосин нафта зэрэг дайвар бүтээгдэхүүнийг оруулж ирж хуурамчаар хольж зах зээлд нэвтрүүлэх үйл явц Монголд 2006 оноос эхэлж хэрэгжиж байгаа “ гэсэн.
Гэтэл Лекс Ойл ХХК нь 2012 онд байгуулагдсан. Бид 2019 оноос Петролеум Продакшн ХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэр Хөгжлийн банкинд олон тэрбум төгрөгийн өрөнд барьцаалагдсан байсныг менежментийн гэрээний үндсэн дээр өр төлбөрийг барагдуулах, Монголдоо ганцхан байх газрын тос боловсруулах бага оврын хүчин чадалтай боловсруулах үйлдвэрийн амийг нь тасалчихгүй байлгахын төлөө өөрийн санхүүжилтээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь явуулж ирсэн. Мөн ШУТИС -ийн оюутан сурагчид болон эрдэмтэн багш нар энэ үйлдвэрт дадлага хийж ирсэн цорын ганц үйлдвэр.
Лекс Ойл ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн, хийн конденсат боловсруулах үйлдвэрийн хувьд бол иж бүрэн боловсруулах комплекс үйлдвэртэй харьцуулахад үйлдвэрийн түүхий эд орцын бүтээгдэхүүн нь шууд нэрлэгийн нафта, дизелийн хүнд фракцийн түлш, хөнгөн газойль зэрэг анхан шатны нэрлэгийн дараах завсарын бүтээгдэхүүнүүд болон давхаргын цооногийн олборлолтын хийн конденсат байдаг. Гарцын бүтээгдэхүүн нь А-80 автобензин, зуны ба өвлийн дизелийн түлш байна. Гэхдээ одоогоор бензин үйлдвэрлээгүй. Зөвхөн улирлын чанартай дизель түлш үйлдвэрлэж байна. За хоёрдугаарт “ … шатахууны томоохон саванд 75 хувьд нь дизелийн түлш хийж 25 хувьд нь нафта хийж хийж саванд сэнс хийж эргүүлж зах зээлд нийлүүлдэг” гэж гүтгэсэн.
Аливаа газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг гарган авахын тулд анхан шатны шууд нэрлэгийн дараах завсарын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлийн технологийн сайжруулах процессоор дамжуулан нөөцийн саванд халуун горимд тодорхой хэмжээний агууламжтайгаар химийн нэмэлт ба нэмэгдэл бодисуудыг хольдог. Харин автобензиний суурь бүтээгдэхүүн болох спирт суурьтай нафтаг, дизелийн түлшний суурь бүтээгдэхүүн болох эфир суурьтай керосин дээр хольж огт болдоггүй зүйл.
Шатахууны нөөцийн саванд механик аргаар сэнсээр хутгаж, хуйлруулж холих гэдэг бол олон үйлдвэрээс авсан нэг ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг моноген шингэн болгохын тулд хувийн жингийн үечлэл гаргахаас сэргийлж богино эргэлтийн цикльд оруулж болдог. Энэ зөвхөн нэг ижил нэр төрөл, маркын бүтээгдэхүүн дээр л яригдана. Жишээ нь, олон үйлдвэрээс авсан зөвхөн нэг төрлийн автобензин, эсвэл дизелийн түлш ч гэдэг юм уу. Үйлдвэрлэлийн технологийн горимоор бүтээгдэхүүний чанарыг сайжруулах нэмэлт бодисуудыг блендинг биш компаундинг процесс хийнэ, өөрөөр хэлбэл яг үйлдвэрлэлийн шугамын процесс болгодог.
Тэгж саванд хольж шатахуун гаргадаг гэсэн нь дэндүү мэдлэггүй ойлголтгүй, харанхуй мэдэгдэл болсон.
-Бас хуурамч шатахуун татвараас зугтаадаг гэсэн өнцөг яригдсан. Энэ ямар учиртай вэ?
-Эрхэм гишүүн ярихдаа “2023 онд 83100, 2024 онд 54400 тонн орж ирсэн 25 хувиар холигдохоор 200,000 тонн шатахуун хуурамчаар борлуулагдаж байна гэсэн үг. Энэ нь татварын орлогод нөлөөлж байна” гэсэн.
За энд тоо баримттай тайлбар хэлье. 2023 онд таван аж ахуйн нэгж, тухайлбал Шунхлай, Цэцүүх трейд , Петрохан, Эрдмин, Лекс Ойл компаниуд газрын тосны үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн болон дизель түлшний үндсэн суурь бүрдүүлэгч (компонент) керосин 6183 тонныг, хүнд фракцын түлшийг хоёр аж ахуйн нэгж Лекс Ойл, Трансгейт интернэшнл ХХК нь 71447 тонн оруулж, гааль болон онцгой албан татвар НӨАТ-д 39.5 тэрбум төгрөг төлсөн байна.
2025 онд зургаан аж ахуйн нэгж газрын тосны үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн болон дизель түлшний үндсэн суурь бүрдүүлэгч керосин импортолсноос хамгийн их хэмжээг нь нэр бүхий аж ахуйн нэгж 8,7тн-ыг импортолсон байдаг аа. Гэтэл Байнгын хорооны хурал дээр зөвхөн Эрдмин жоохон хэмжээгээр импортолсон гэсэн худал мэдээлэл өгсөн. Энэ ямар учиртай вэ? Мөн Эрдминий импортолж байгаа зэсийн үйлдвэрт хэрэглэгдэх керосины төрөл өөр, үнийн дүн тонн нь 2000 ам.доллар болох нь гаалийн мэдээнээс харагдаж байна. Бид энэ талаар тайлбар тодруулга хууль санаачлагчаас шаардана. Яагаад керосин импортолж байгаа зарим компанийн нэрийг зориуд нууж, бусдыг нь буруутгаж байна вэ. Тэр байтугай энэ өргөн барьсан хуулийн төслөөр керосинд онцгой татвар тавихгүй, үйлдвэрлэхэд ордог түүхий эдэд л тавина гэж орж ирж байгаа нь ноцтой.
-Хуурамч шатахуун гэж чухам юуг хэлээд байгааг та тодруулж болох уу?
-Маш харамсалтай төөрөгдүүлсэн ойлголт. Онолын хувьд хуурамч шатахуун гэдэг үг хэллэг байх боломжгүй. Газрын тосны бүтээгдэхүүний конденсатийг дуурайлган хийх боломжгүй. Харин үйлдвэрлэлийн явцад стандартын зарим нэг үзүүлэлтүүд өөрчлөлттэй бол стандартын болон стандартын бус бүтээгдэхүүн гэдэг мэргэжлийн нэршил байдаг. Төмрийг модоор орлуулж машин үйлдвэрлэж болохгүйтэй адил химийн бодисыг өөр бүтээгдэхүүнээр орлуулан хийх боломжгүй зүйл.
Хуурамч шатахуун гэсэн нэршил, ойлголтыг анх 2019 онд бүлэг хүмүүсийг хөлсөлж, баг бүрдүүлж, төрийн бус байгууллага үүсгэж, мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан худал цуурхал тарааж зорилготойгоор нутагшуулсан. Шатахуун үйлдвэрлэж байсан компанийн эрхийг дээрэмдэх, ашгийнх нь тал хувийг авах зорилгоор хийсэн. Энэ санаархлаа илтэд илэрхийлж байсан, шаардлагатай бол нотлох баримт гаргахад бэлэн байна.
Мөн бас нэг шалтгаан нь уул уурхай, зам, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад 90-120 хоногт эргэн төлөх нөхцлөөр, бөөний үнээр шатахуун нийлүүлж байсан нь зах зээлээ булаацалдах талбар болсон. Энэ зорилгынхоо дагуу “олон машин эвдэрсэн”, “агаарын бохирдолд шууд нөлөөлсөн”, “хорт хавдар үүсгэсэн” гэх мэт шинжлэх ухааны үндэслэлгүй, нотолгоогүй мэдээллийг тараасан. Ер нь газрын тосны бүтээгдэхүүнийг дуурайлган хийх боломжгүй. Хамгийн харамсалтай нь “… вагон нааш цааш хөдөлгөж холих”, “түлш нафтаг хамт холих” зэрэг нь технологийн хувьд байж болшгүй зүйл хэдий ч ард олныг төөрөгдүүлсээр байна.
Үнэндээ бол хөнгөлөлттэй нөхцлөөр шатахуун нийлүүлж байсан нь тухайн цаг үедээ улирлын чанартай үйл ажиллагаа эрхлэгч компаниудад зээлийн эргэлтийн давуу байдлыг олгож, бусад импортлогчдоос худалдан авсанаас даруй 31 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Энэ талаар тоон баримтууд 2019 онд хэвлэл мэдээллээр гарч байсан.
Тэрчлэн, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн нь улсын нөөцийн тодорхой хувийг бүрдүүлж, шатахууны нийлүүлэлт зогсох шахаж байсан Ковид тахлын үед ч уул уурхайн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулж байсан. Тухайн цаг үед зээлээр шатахуун авсан аж ахуйн нэгжүүд өнөөдрийг хүртэл эргэн төлөлт хийгээгүй их хэмжээний авлага үүссэн хэвээр байгаа.
Манай бүтээгдэхүүнийг жижиглэнгээр борлуулдаггүй, тэр дундаа бензиний үйлдвэрлэл огт явагдахгүй байгаа тул сүүлийн жилүүдэд олон тооны суудлын машин эвдрэх, Улаанбаатар хотын агаарын бохирдолд зөвхөн энэ бүтээгдэхүүнүүд дангаараа шууд нөлөөлсөн энэ тэр гэдэг нь дэндүү утгагүй, бодит байдлыг мушгин гуйвуулсан гүтгэлэг юмаа гэж хэлэе.
-Танай бүтээгдэхүүнийг төрийн өмчит компаниуд аваад нийтийн автобусыг цэнэглээд тэд нь утаа хаяад агаар бохирдуулахад ихээхэн нөлөөлж байгаа юм уу?
-“Лекс ойл” компани нь 2023-2025 онуудад төрийн өмчит автобусны компанид ямарч нийлүүлэлт хийгээгүй болно. УИХ-ын индэр дээрээс ямар нэгэн мэдэгдэл гаргах бол үндэслэлтэй, суурь судалгаатай, зөвхөн үнэн мөнийг ярих нь УИХ-ын гишүүний ёс зүйд нийцнэ.
УИХ-ын гишүүн бүх юмыг мэдэх албагүй ч мэргэжлийн зөвлөмж авч байж төрийн шийдвэрийг гаргах ёстой байх аа.
-Энэ хурал дээр “ евро 5 -д шилжмээр байна, ийм хямд үнэтэй бүтээгдэхүүн байхаар бусад компаниудыг үнээр шахаад хөгжих боломжгүй болгож байна” гэж ярьсан. Энэ талаар…?
-Мэдээж евро -5 түлшинд шилжих шаардлага байгаа нь үнэн, зөв. Гэхдээ энэ шилжилт тийм хурдан хийгддэггүй. ОХУ гэхэд энэ шилжилтийг хийхэд 15 жил зарцуулсан, одоогоороо бүрэн шилжээгүй байгаа. Энд нэг компаниас хамаарч евро-5 д шилжиж чадахгүй байна гэдэг үнэхээр болчимгүй дүгнэлт.
-Нэг анхаарал татахуйц мэдээлэл байсан. “ ҮХЦ-ийг худалдаж авсан. Өнгөрсөн их хурлын гишүүдийг худалдаж авсан. Шат шатандаа яам хяналтын байгууллагуудыг нөлөөндөө авсан” гэсэн?
-Ийм хариуцлагагүй ярьж болохгүй. Ямарч баримт нотолгоо байхгүй санааны зоргоор хандаж байгаа нь харамсалтай. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэж заасан. Ард түмний сонголтоор түмний төлөөлөл болсон гишүүд болон УИХ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, лоббидох, халдашгүй дархан эрхэнд нь халдах хуулиараа хориотой зүйл. Буруу үйл ажиллагаа явуулж, бусдын нөлөөнд автаж байгаа гишүүн бол харин үүргээ умартсан өөрсдийнх нь ёс зүйн асуудал яригдана. Гишүүдийг ингэж гүтгэж байгаагаа Б. Пүрэвдорж гишүүн өөрөө хариуцна.
-…Бас Алтан ширээтийн үйлдвэрт энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх байх. Гэхдээ тухайн үед нь Засгийн газар өөрөө татвараас чөлөөлөөд явж болох байх, зарим аж ахуйн нэгж ахуйн зориулалтаар оруулж ирдэг үүн дээр нь квот тогтоогоод явж болох байх” гэсэн байна?
-Онцгой албан татварын хуулинд заагдсан газрын тосны дайвар бүтээгдэхүүнүүд бол үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн гаргахын өмнөх сайжруулалтын процесст ордог орцын түүхий эд болдог бүтээгдэхүүнүүд.
Эдгээрт онцгой албан татвар тавих нь хувийн үйлдвэрлэлийг дампууралд хүргэх төрийн боомилолт юм. УИХ, төр засгийн бодлого шийдвэр хөрсөндөө буухгүй, ам, үйлдэл хоёр нь алд дэлэм зөрж байгаагийн тод илрэл.
Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар 2027 он хүртэл баримтлах бодлого”-ын 2.1 заалт “ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг татварын таатай орчноор дэмжинэ гэсэн төрийн бодлого, шийдвэр хэзээ яаж хэрэгжих вэ гэдгийг Б. Пүрэвдорж гишүүнээс асуумаар байна.
Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр дээр тунгалаг бүтээгдэхүүний чанар сайжруулагч, октан тоо өсгөгч МТБЭ, алкилат зэрэг нэмэлт бодисуудыг мөн адил ашиглана, тиймээс онцгой албан татвараас яаж чөлөөлөх вэ гэдэгт төрөөс хоёр нүүр гаргаж болохгүй байх. Нэг гараараа төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, хувийн үйлдвэрийг хөгжүүлнэ гэчихээд нөгөө гараараа үйлдвэрийн түүхий эд болон чанар сайжруулагч бүтээгдэхүүнүүдэд нь онцгой албан татвар тавьж болохгүй гэж үзэж байна.
-Танайхыг үйлдвэр биш цех.Цехэд үйлдвэрлээд байдаг бол манайд тийм том үйлдвэр барих шаардлага байхгүй гэсэн…
-Манайх дизелийн хүнд фракцийн бүтээгдэхүүнүүдийг болон хийн конденсатуудыг нүсэр биш цөөн нэрлэгийн байгууламжаар боловсруулж, зуны ба улирлын дизелийн түлшний дагнасан бүтээгдэхүүний технологийг нутагшуулж, холбогдох стандартуудад нийцсэн үйлдвэрлэл явуулах гэж 20 гаран жил зүтгэж байна. Ер нь бага оврын үйлдвэрүүд дэлхий нийтэд ажилладаг, сүүлийн үед энэ чиг хандлага маш хөгжиж байгаа. Монгол яагаад хийж болохгүй юм бэ. Заавал өөр улсаас авах ёстой юм уу гэж асуумаар байна.
-Портер, Приус маркийн машин 2-3 жил болоод эвдэрч байна. Уг нь 20-30 жил эдэлгээтэй байх ёстой. Гэтэл энэ хуурамч бензинээс болж эвдэрээд байна гэсэн байна?
-Лекс Ойл ХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэр нь одоогоор автобензин үйлдвэрлэдэггүй, хөдөө, орон нутаг болон Улаанбаатарт шатахуун түгээх станцуудаар огт борлуулдаггүй ээ. Хэрвээ орон нутагт явж байгаад бензин авч машинаа эвдсэн бол тухайн түгээх станц нь хэний, аль компанийн болохыг, мөн бүтээгдэхүүнээ хаанаас, ямар компаниас татан авч борлуулдаг байсныг, татан авалт, борлуулалтын мэдээллийг нягтлан шалгах эрх гишүүн танд бүрэн бий.
-Зарим гишүүд “колонк дээрээс шатахуун хийгээд машин явахаа больсон, түлшний саваа цэвэрлээд ажилласан, шатахууны октан хэмжээд стандартад хүрэхгүй байсан” гэж хурал дээр ярьж байна лээ?
-Дизель түлшин дээр октан тоо хэмждэггүй. Жирийн хүн октан тооны хэмжилтийг хийх боломжгүй, үүнийг зөвхөн мэргэжлийн хууль хяналт, стандарт хэмжил зүйн байгууллагууд хэмжиж тогтоодог. Автобензиний ашиглалтын нэг үзүүлэлт болох октан тооны агууламжийг хэмжээндээ хүрэхгүй байгаа гэж үзэж байвал аль компанийн түгээх станц гэдгийг нягтлан шалгаад үзэх эрх гишүүдэд байгаа. УИХ-ын индэр дээрээс нэг компанийг нэр заан гүтгэх нь хуулийн байгууллагад хандах бүрэн үндэслэл болноо.
Өнөөдрийн байдлаар олон мянган тонн керосин хилээр орж ирсэн байнаа, үүнийг хаана ашигласан байх вэ. Керосин бол газрын тосны үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн мөн боловч дизель түлшний үйлдвэрлэлийн үндсэн бүрдүүлэгч болно. Керосин нь галлагааны, халаалтын, гэрэлтүүлгийн, онгоцны керосин (авиационный керосин буюу реактивное топливо ) гэж олон төрлийнх байдаг. Юмыг мэдэж ярих нь зохистой.Энэ керосины импортыг анхаарч байгаа бол гишүүн маш зөв санал, бодолтой байгаа юм байна. Мэргэжлийн зөвлөмж өгч сайн ойлголттой болгох хэрэгтэй юм байна. Үйлдвэрлэлд ордог түүхий эдэд татвар тавиад, керосинд тавихгүй байхаар хууль оруулж ирсэн байна гэдгийг давтан анхааруулъя
Өнөөдөр улсын хилээр орж ирж байгаа нефть бүтээгдэхүүн, дизель түлшний хүхрийн хэмжээ стандараас их байх нь элбэг байна. Мөн бензин октандаа хүрэхгүй дутуу байна . Үүнийг нийтэд нь нэг компани луу чихэж харлуулж болохгүй. Энэ хууль колонкийн эздийн захиалга гэж л харагдаж байна. Монголд үйлдвэр хийхийг эсэргүүцэх ганц зорилготой.
Эх сурвалж : Өдрийн сонин

