Л.Орхон PhD
Газрын тос, бүтээгдэхүүн нь химийн органик бодис болохын хувьд тухайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюултай болон гамшгийн эмзэг байдал, тэсрэх дэлбэрэх аюул, эрсдэл зэрэг технологи үйл ажиллагааны онцгой шаардлага тавигдаж байдаг. Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүний агуулах. Ерөнхий шаардлага” MNS 6458:2014 стандартаар химийн аюултай бодис, хольцийн талаар дэлгэрэнгүй тодорхойлогдсон байдаг. Химийн бодисын ангиллын “химийн бодис” гэсэн ухагдахуунд зөвхөн химийн элемент, нэгдлүүдээс гадна химийн бодисын хольцыг хамруулна.
Химийн бодис гэж бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангахад шаардлагатай аливаа нэмэлт болон үйлдвэрлэсэн аргаасаа хамаарч аливаа хольцыг агуулсан байгалийн төлөв байдалд байгаа болон үйлдвэрлэлийн аргаар гарган авсан бүх химийн элемент, тэдгээрийн нэгдлүүдийг хэлнэ.
Химийн хольц буюу холимог гэж хоорондоо урвалд ордоггүй хоёр болон түүнээс дээш бодисоос бүрдсэн хатуу бодис эсвэл уусмалыг хэлнэ. Хольцыг бүрдүүлж буй бодисууд нь нэг ижил шинж чанартай байвал түүнийг нэг төрлийн бодис гэж авч үзэж болно. Жишээлбэл, газрын тосны бүтээгдэхүүний буцлах хэм гэх мэт үзүүлэлт нь ижил байдгаас нэг төрлийн бодис гэж үздэг.
Химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.
Химийн аюултай бодис гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлнэ.
Тэсрэх болон галын аюултай бодис гэж байгалийн шатдаг хий, шатахууны уурын агаар дахь тэсрэх аюултай хамгийн бага хольц нь авалцан асах үедээ орчиндоо 5 кПа-аас дээш илүүдэл даралт (тооцоогоор) үзүүлдэг, эгшин зуур авалцан асах хэм нь 28оС-ээс ихгүй байдаг шатдаг хий, хялбар авалцан асах шингэнийг хэлнэ.
Исэлдүүлэгч бодис гэдэг нь исэлдэх процесс явагдах идэвхитэй орчинг үүсгэх, исэлдэх процессийг дэмжих, үргэлжлүүлэх чадвартай бодис. Агаар болон түүнд агуулагдах хүчилтөрөгч нь “хүчтэй” исэлдүүлэгчид тооцогдох бөгөөд цэвэр хүчилтөрөгчийн (O2) хольцтой нөхцөлд шаталт хамгийн идэвхтэй явагдана. Хүчилтөрөгчийн орц 14-15% хүртэл багасахад шаталт зогсоно. Исэлдүүлэгч нь зөвхөн хүчилтөрөгч байх биш хлор (Cl), фтор (F), хүхэр (S), мөн хүчилтөрөгч агуулсан бодисууд орно.
Оюуны өмчийг хуулиар хамгаалсан